СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭЖ БУЙ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ АСУУДЛААР ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудлаар олон талт уулзалтыг өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгууллаа. Уулзалтыг Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.


Энэ жилийн олон улсын өдрийн “Заналхийлэл өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор болсон уулзалтыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга нээж үг хэлсэн бол ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор, профессор Шахбаз Хан видео мэндчилгээ дэвшүүлж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад хамтын хүчин чармайлт чухал болохыг онцолсон юм.


Уулзалтын хүрээнд хоёр илтгэл танилцуулсан бөгөөд “Глоб Интернэшнл төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Онон “Сэтгүүлчдийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал-2026” сэдвээр илтгэл тавьж, 346 сэтгүүлчийг хамруулсан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа-2025–2026”-ны үр дүнг хуваалцав. Судалгаанд оролцогчдын 38 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд цахим заналхийлэлд, 32 хувь нь биечлэн заналхийлэлд, 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн гэж хариулжээ. Мөн 59 хувь нь мэдээлэл авах, боловсруулах эрх, 55 хувь нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдсөн гэж үзсэн байна. Судалгааны үр дүн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад заналхийлэл, халдлагаас урьдчилан сэргийлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын хамгааллын бодлого, тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.


Харин Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, доктор Ц.Оюунтунгалаг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ба хариуцлагын тогтолцоог сайжруулах нь” сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг үр дүнтэй шалгах, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах асуудлыг хөндлөө.

Үүний дараа “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй байдлыг таслан зогсоох арга зам: Хамтын хариуцлага, бодит шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг шуурхай, хараат бусаар шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох чиглэлээр үндэсний эрх зүйн орчин, хамгааллын тогтолцоог сайжруулах талаар санал солилцлоо.



Сэтгүүлчийн аюулгүй байдал нь зөвхөн тухайн сэтгүүлчийн асуудал биш бөгөөд олон нийтийн мэдээлэл авах, мэдэх эрх, нийгэмд ил тод байдал, хариуцлагыг хангахтай шууд холбоотой юм. Иймээс сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, халдлагыг таслан зогсоох, гэмт хэрэгт ял шийтгэлгүй үлдэх нөхцөлийг арилгах нь төр, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгэм болон нийт нийгмийн хамтын хариуцлага билээ.